Friday, December 28, 2007

Хорин гурван настай тэрбумтан

Марк Зүкербергийг Микрософт компанийг үндэслэн байгуулагч Билл Гейтстэй зарим талаараа адилхан гэж ярих хүн цөөнгүй байдаг. Энэ хоёр хүн хоёулаа компани байгуулахдаа 19 настай байсан, мөн хоёулаа Харвардын их сургуулийг орхисон гэсэн баримтууд байдаг. Марк Зүкерберг 23 настай ч хэнээс ч дутахгүй ухаалаг, чадвартай гэдгээ өөрийнхөө амжилт, компанийнхаа нэр хүндээр нэгэнтээ харуулж чадсан юм.

Тэрээр эхлээд Америкийн нэгдсэн улсын Харвардын их сургуулийн оюутнуудад зориулан сүлжээ байгуулсан бөгөөд хэдхэн долоо хоногийн дараа Харвардын Их сургуулийн ихэнх оюутнууд энэ сүлжээнд бүртгүүлсэн байжээ. Зүкерберг өөрийн төсөлдөө хэр их нөөц бололцоо байгааг урдаас харж, бусад сургуулиудыг өөрийн сүлжээндээ татан оролцуулсан байна. Ингэснээр Станфорд, Ейлын их сургууль гээд хаана ч Фейсбүк сүлжээ амжилтаараа байлдан дагуулж байлаа. 2005 он гэхэд дунд сургуулиуд хүртэл түүний сүлжээнд хамрагдсан байжээ. Улмаар зөвхөн бүртгэгдсэн хэрэглэгч л ашиглах боломжтой байсан сайт 2006 онд олон нийтэд нээлттэй болж, өнөөдрийн байдлаар нийт 46 сая идэвхитэй гишүүдтэй болсон байна. Вэб 2.0 технологийн блог, видео, аудио хэрэгслүүд, мөн нийтийн сүлжээг нэгтгэсэн сонгодог жишээ нь Фейсбүк компанийн www.facebook.com сайт болж чаджээ.

Америкийн интернэтийн салбарт 2005 оны шилдэг сайтаар Майспейс /www.myspace.com/, 2006 онд маш богино хугацаанд интернэт ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн Юутүб /www.Youtube.com/ хэмээх видео сайт шалгарсан бол энэ жилийн шилдэгээр Фейсбүк компанийн www.facebook.com сайт шалгарлаа. Маш хурдацтайгаар өсөж байгаа интернэтийн од " Фейсбүк " компани нь "Гүүгл" компанийн үнийн саналыг үл хэрэгсэн өөрийн хувьцааны 1.6 хувийг Микрософт корпорацид 240 сая ам доллараар зарсан байна. Ойролцоогоор 4 жилийн өмнө Харвардын их сургуулийн нийтийн байрны нэгэн өрөөнд эхлэж байсан энэ бизнес гайхамшигтай амжилт үзүүлэн одоогоор 15 тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгөтэй болсон байна.

Фейсбүк компанийг үндэслэгч Марк Зүкерберг өнгөрсөн жил Yahoo компаний 1 тэр бум доллараас эрс татгалзсан бөгөөд Микрософт компани Фейсбүк компаний хувьцааны 1.6 хувьд төлсөн мөнгө ирээдүйн төлөвлөгөөг хэрэгжүүлж, Хязгаарлагдмал Хариуцлагаай Компаниас Хувьцаат Компани болоход хангалттай хүрэлцэнэ гэж үзсэн байна. Фейсбүк компани өөрийн дэлхий даяар тархсан, тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа 50 сая хэрэглэгчид дээрээ тулгуурлан интернэт сурталчилгааны магнат болох зорилготой хэмээн мэдэгдсэн байна.




Вэб 2.0 шилдэг сайтуудыг үзэхийг хүсвэл http://www.seomoz.org/web2.0/ хаягаар хандан амжилтаараа тэргүүлж яваа сайтуудыг сонирхоорой.



"Цаг төр" сэтгүүлийн Мэдээллийн Технологи буланд 2007 оны 11 дугаар сарын 12-19-ний дугаар

No comments: